Хөгжлийн банкны хэрэгт холбогдож байсан С.Магнайсүрэнг Үндэсний аудитын газрын даргаар зүтгүүлж байна
5601 сарын өмнө
MэдээОнцлохУЛС ТӨР

Монгол Улсын ерөнхий аудиторыг УИХ дарга санал болгож, 6 жилийн хугацаатай томилох бөгөөд нэг удаа улираан томилж болно гэх хуулийн заалттай байдаг. Харин одоогийн ерөнхий аудитор Д.Загджавыг өмнөх УИХ-ын дарга Г.Занданшатар санал болгон томилж байсан.  Ингэснээр Д. Загджавыг  2024 оны 5-р сарын 30-ны өдөр Үндэсний аудитын газрын даргаар томилсон байдаг. Өөрөөр хэлбэл түүний 6 жилийн томилгоот хугацаа албан ёсоор дуусгавар болоогүй байгаа юм.

 

Гэтэл одоогийн УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүллээ. Тус асуудлыг энэ сарын 7-ны өдөр нэр дэвшигчийн сонсголыг хийх юм.

 

Сандагийн Магнайсүрэн гэж хэн бэ?

 

С.Магнайсүрэн  өмнө нь гурван ч яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан эрх зүйч мэргэжилтэй нэгэн. Өөрөөр хэлбэл Үндэсний аудитын газрын даргаар ажиллахад мэдлэг чадвар, чансаа дутахаар юм. Аудит сайн ажиллавал төрийн бүхий л луйвар булхайг амархан илчилнэ. Гэвч ийм чухал албан тушаалд яагаад С.Магнайсүрэнг томилох санал гаргах болов.

  Мэдээж дээрх асуултын ард олон таамаглал, хардлага хөвөрч байна. Магадгүй үүний цаана томоохон эрх ашгийн хуйвалдаан ч байхыг үгүйсгэхгүй юм.
 

Мөн С.Магнайсүрэн Д.Амарбаясгалан нар нэг нутгийнх буюу хоёулаа Говь-Алтайнх. Үүнийг нь нөгөө л жалга довын үзлээ гаргаж байна уу гэж хардах хүмүүс ч олон байна.

  Гэхдээ хамгийн их анхаарал татсан зүйл бол С.Магнайсүрэн нь Хөгжлийн банкны хэрэгт холбогдож байсан гэх асуудал юм. Түүнийг шүүхээр цагаатгаж байсан ч оны өмнө тус шийдвэрийг хүчингүй болгосон. Ингэснээр тэрээр ахин шалгагдах юм. Энэ мэт хэрэгт холбогдсон этгээд Үндэсний аудитын газрын даргаар сонгогдож болох уу.
 

Ерөнхий аудиторт нэр дэвшигч С.Магнайсүрэн ₮857 саяын 3 орон сууц, ₮263 саяын малтай, ₮97 саяын хадгаламжтай ч ₮29 саяын зээлтэй 

Үргэлжлүүлэн түүний ХОМ-ын мэдүүлгийг харвал. Тэрээр 2023 онд АТГ-т ийнхүү мэдүүлжээ.

-Өөрийн орлого: 62 сая төгрөг

-Гэр бүлийн орлого 66 сая төгрөг

-Орон сууц барилга байгууламж: 857 сая төгрөг /3-орон сууц, 1 зуслангийн байшин/

-Тээврийн хэрэгсэл-75 сая төгрөг /Суудлын машин, Mazda/

-Газар: 30 сая төгрөг /Эзэмших 4га-1, Эзэмших 400м2-1, Өмчлөх 690м2-1 буюу нийт гурван газартай/

-Мал аж ахуй: 263 сая төгрөг/Адуу-108, Хурдан удмын адуу-12, Үхэр-20, Хонь-50, Ямаа-130/

-Үнэт эдлэл: 55 сая төгрөг

-Хадгаламж: 97 сая төгрөг

-Авлага: 10 сая төгрөг

-Зээл: 29 сая төгрөг гэж мэдүүлжээ.

Харин түүний намтрыг сөхөн харвал. Тэрээр,

-1975.3.28-нд Говь-Алтай аймагт төрсөн
Боловсрол:
-1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургууль
-1997 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, бакалавр/
-1999 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, магистр/
Ажилласан байдал:
-1997-1999 онд "Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
-1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
-2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх,
-2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
-2006-2007 онд ХХААЯ-нд Сайдын зөвлөх,
-2007-2008 онд Сангийн яаманд Газрын дарга,
-2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Нарийн бичгийн дарга,
-2015 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
-2015 онд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга
-2023 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?


loading