АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Боловсролын департаментыг татан буулгах үйл явцыг эхлүүлэх зарлигт гарын үсэг зуржээ. Тэрээр энэ яамыг татан буулгах тухай олон жилийн өмнөөс ярьж ирсэн санаархлаа биелүүлж, ажил хэрэг болгож эхэлсэн ч олон зуун улсын сургууль, сурагч, оюутнуудад олгодог тэтгэлэг яах вэ гэсэн асуулт үлдэж байна. АНУ-ын орчин үеийн түүхэнд ямар ч Ерөнхийлөгч энэ яамыг байхгүй болгох оролдлого хийж байсангүй. 1979 онд Конгрессын шийдвэрээр байгуулагдаж байсан Боловсролын департаментыг (яам) бүрэн гүйцэд татан буулгахад Конгрессын шийдвэр хэрэгтэй. Конгресс дээр яамыг татан буулгахад шаардлагатай санал цуглахгүй байж магад хэмээн Трампын зөвлөхүүд анхааруулжээ.
“АНУ олон жилийн өмнөөс сурагчдаа сайн сургахгүй явж ирлээ. Үүнтэй эвлэрч олон жил болсон. Манай улс боловсролд бусад ямар ч улсаас илүү их мөнгө зарцуулж байгаа ч амжилтаараа бараг сүүл мушгиж байна” хэмээн Трамп зарлигт гарын үсэг зурсныхаа дараа онцлов.
Бүгд найрамдах намын лидер Цагаан ордонд эргэн заларснаас хойш Боловсролын яам ажилтнуудынхаа бараг тал хувийг цомхотгох төлөвлөгөөг зарласан юм. 1979 онд байгуулагдсан энэ департамент нь улсын сургуулиудын санхүүжилт, сурагч, оюутнуудын тэтгэлэг, бага орлоготой өрхийн оюутнуудад туслах хөтөлбөрийг хариуцдаг. Трамп болон түүний холбоотнууд тус агентлагийг залуусыг арьс өнгө, улс төрийн чиг баримжаагаар ялгаварлах үзэл рүү тулгадаг хэмээн буруутгаж байна. Боловсролын яамны олон хэлтсийг хуулийн хүрээнд татан буулгаж, зорилго, чиглэлийг нь өөрчлөх асуудал яригдаж байгаа аж. Гэсэн хэдий ч Трампын засаг захиргаанаас гаргасан цомхотгол, төсөв хасаж танах олон шийдвэр маргаан дэгдээж, шүүх дээр очиж гацаад байгаа. Боловсролтой холбоотой шинэ шийдвэр нь мөн ийм саад бэрхшээлтэй тулгарч магадгүй байна.